Wednesday, December 22, 2010

Хүн амын тооллогын урьдчилсан дүн

Хүн амын тооллогын урьдчилсан дүнгээр хүн амын нягтралын зураг хийлээ.
http://www.ireport.mn/read/1024.shtml

Хүн амын тооллогын урьдчилсан дүн

Хүн амын тооллогын урьдчилсан дүнг зурган хэлбэрт оруулж та бүхэнд хүргэж байна.
http://www.ireport.mn/read/968.shtml

Wednesday, November 10, 2010

"Хөгжлийн гарц" ТББ-д бичсэн захидал

Мэдээллийн технологийн оны шилдэг хүн тодруулах ажиллагааны зарыг тань уншаад доорх захидалыг илгээлээ.

Мэдээллийн технологийн сайн ном гаргасан /орчуулсан байж болно/ хүнийг дэмждэг номинацитай болмоор байна.
Сайн сайн номууд олноор гарч байж л энэ салбар сайн хөгжинө. Угаасаа онцлого нь тийм юм. Сайн материал олж уншаад л юм аа хийчихдэг салбар шүү дээ.
Номнууд нь хямдхан олонд хүртээмжтэй байх хэрэгтэй. Хямдхан цаасан дээр тэгээд маш олон төрлийн ном байж байж л хөгжинө. Энэтхэгт яг ийм байдаг, цаас нь нимгэхэн хямдхан учир ном нь хямдхан, маш олон төрлийн маш олон ном байдаг.
Тийм учираас Энэтхэгчүүд одоо Мэдээллийн Технологийн хар ажлийг гүйцэтгэгчээрээ 1 номер байгаа билээ.
Манай баячуул морь уралдуулахынхаа оронд ийм олон номыг ивээн тэтгэж гаргадгаараа уралдах цаг болсон.
Ийм хөшүүрэг бий болгохын төлөө танай төрийн бус байгууллага явах ёстой. Ийм бизнесменийг магадгүй татвараас чөлөөлдөг ч юм уу, хөнгөлдөг байж болно.
Үүгээрээ төр засгийх нь бодлого энэ салбарыг дэмжиж буйгаа харуулдаг байх хэрэгтэй.
Төрийн бодлого Мэдээллийн технологийн оюуны талын том мэргэжилтэн бэлддэг байх хэрэгтэй бөгөөд энэ салбарын хар ажилчин болох програм зохиогчоор хязгаарлагдахгүй байх ёстой юм.

Та бүхэнд амжилт хүссэн,
М.Одбаяр

Friday, October 1, 2010

П... гэж пуужин (буюу програм хангамж)


Рэй Брэдбэйригийн “П... гэж пуужин” хэмээх зөгнөлт зохиол багадаа уншиж байж билээ. Хүн төрөлхтөний шинжлэх ухаан болон техник, технологи, мэдээлэл, холбоо зэрэгт олсон бүхий л ололт амжилтыг өөртөө цогцлуулсан техник бол Пуужин байдаг билээ. Тэнд жирийн нэг товчлуур л гэхэд л хамгийн сүүлийн үеийн зүйл байх нь дамжиггүй.
Тэгвэл мэдээлэл технологийн салбарт хүн төрөлхтөний хамгийн сүүлийн ололт амжилтуудыг нэгтгэн цогцлоож гарч ирж байгаа програм хангамж байна. Энэ бол Газарзүйн Мэдээллийн Систем (Geographic Information System) юм.
Үүнд хиймэл оюун ухааны суурь болох эксперт системийн нэн орчин үеийн ололт амжилт орсон байдаг. Мөн програмчлалын үндэс суурь болсон математик загварчлалын аргуудыг идэвхтэй хэрэглэдэг. Газар зүйн шинжлэх ухаан, зайнаас тандах (хиймэл дагуулаас эх дэлхийгээ судлах), дээр хэлсэн эксперт систем, математик загварчлал гээд л хамгийн орчин үеийн ололт амжилтуудын уулзвар дээр энэхүү Газарзүйн Мэдээллийн Систем хийгдсэн байдаг юмаа.
Бид мэдээллийн бааз буюу сан байгуулна (Мэдээллийн технологийг хөгжүүлэх болсон суурь ажлуудын нэг) гэхээр л дандаа хүснэгтэн маягтаар байгуулаад тэр хэлбэрээрээ сэтгээд ирсэн. Тэндээс мэдээллийг яаж хурдан хайж олох, тэр мэдээллүүдийг яаж зөв зохион байгуулах гээд л бараг шинжлэх ухаан болтлоо хөгжсөн бөөн дагалдсан ажлууд бий.
Тэгвэл одоо тэгж хийдэг хөгнө аль хэдий нь ард хоцорч. Одоо Мэдээллийн санг заавал газарзүйн байрлалтай нь газарзүйн зурагтай нь компьютер дотор хийж өгсөн бөгөөд чухам ингэж л хийх нь олон улсын стандарт болсон байна.
Энэ чухам юу вэ гэдгийг амьдралд жаахан дөхүүлэн тайлбарлъя. Өрхийн эмнэлэг дээр энэ системээр өрхүүдийнхээ мэдээллийн санг байгуулсан гэе. Тэгвэл өглөө ирээд компьютерээ асаахад ...р хорооны тэр байрны тэдэн тоотын тэр гуай 3 хоногийн өмнө доод баруун талын тэддүгээр шүдэндээ хяналтын тийм төрлийн ломбо тавиулжээ гээд бүр шүднийх нь зураг, гэрийх нь байрлал, байшингийн зураг, утасны дугаартайгаа, мөн тэр хүний өөрийх нь зураг зэрэг бүхий л цуглуулж чадсан мэдээллүүдийг гарч ирэх боломжтой бөгөөд тэгээд өнөөдөр тэнд очиж жинхэнэ ломбоо тавиулах ёстой та утасдаж сануулаа ч гэж байх жишээтэй.
Өөр нэг жишээ, хотын захиргааны сантехник хариуцсан түшмэл ажилдаа ирээд компьютерээ асаалаа – төчнөөн жилийн өмнө, тэр газар доогуур тавьсан тийм төрлийн ган хоолойн ажиллах норм тэдэн сарын дараа дуусах нь байна шүү, одоо солих бэлтгэлээ хангаарай гээд байрлалыг нь харуулаад ган хоолойн тухай бүхий л мэдээллийг гаргаад байж байна гээд бод л доо.
Дээрх хоёр жишээ бол энгийн зөвхөн хоёр хэрэглээ. Цаашилбал хаана усан цахилгаан станц барих вэ? Хаана нь хэдэн метрийн өндөр далан босговол хичнээн хэмжээний нуур яг хаагуур тогтох вэ? зэргийг зураад л, бүх хэмжигдэхүүнүүдийг (ямар талбайтай нуур, ус нь хичнээн тонн болох, далангийн усны уналт г.м) тооцоолоод л гаргаад өгнө.
Маш олон энгийнээс аваад, бүр шинжлэх ухааны шийдлүүдэд хэрэглэх зэрэг өргөн хэрэглээтэй бөгөөд хамгийн гол нь хөгжилтэй орнуудад үүнийг хэрэглэх нь бүр газар авсан, стандарт болсон.
Тэгэхээр Мэдээллийн технологийг Монголд хөгжүүлэхэд, биднийг урагш нь аваад явах энэ “Пуужин”-г гол зүйл болгон анхаарах хэрэгтэй бөгөөд энэ олон шинжлэх ухааны уулзвар болсон Газарзүйн Мэдээллийн Системийг өөриймсүүлэн хэрэглэж сурвал бид чухам л мэдээллийн технологи Монгол улсыг Дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлнэ гээд яриад байдагтаа дөхөж очих байх.
За тэгээд үүнийг хийхийн тулд яах ёстой вэ? гээд л бөөн асуудал босоод ирнэ. Мэдээж хэрэг боловсон хүчинг, Засгийн газрын бодлогоор бэлдэх хэрэгтэй. Бэлтгэдсэн зарим хүмүүс ч бий.
Тэгээд л бидний нэг алдаад байгааг хурдан хийх хэрэгтэй энэ юу вэ? гэвэл энэ талын (мэдээллийн технологийн, түүн дотроо Газарзүйн Мэдээллийн Системийн) сурах бичгүүдийг хурдан орчуулж гаргах. Үүнд бүр Засгийн газраас зориуд мөнгө гаргаад мэргэжилтнүүдийг зөв зохион байгуулаад, чухам ямар номнуудаа эхэлж гаргах юм гээд л ийм л ажлууд зэрэгцүүлээд хийх хэрэгтэй юм шиг.
Тэгэхгүй бол айл, өрх болгон компьютертай боллоо гэе, тэгээд тэд нар энэ компьютераар юу хийх вэ? өрхийн орлогоо яаж нэмэгдүүлэх юм бэ? Интернэтэд ороод англи хэлгүй улс чинь юу хийх юм бэ? гэдэг дээр бид бодолцох ёстой байх.
Үүнийг чулуу болгоход туслахгүй л бол өрх гэрийг компьютертай болгосон ажлын гол үр дүн байхгүй л болно. Тэгэхээр компьютераа чулуу болгоход нь туслах гол ажил бол түүнийгээ ашиглахад нь туслах юм. Мэдээж өрх бүрт очоод хичээл заахгүй нь ойлгомжтой, харин хүн бүр аваад уншчих номыг нь л бэлдэж өгөх хэрэгтэй санагдаж байна даа.
Эрдэмтэн мэргэдийн баг бүрдүүлье. Гадуур үй түмээрээ байгаа номнуудаас шилж сонгож орчуулцгаая, Засгийн газар үүнд зориулсан мөнгө гаргах хэрэгтэй, баячууд маань мориор уралдацгаахын оронд ийм ажлуудыг санхүүжүүлэхэд мөнгө гаргаж уралддаг, харин хариуд нь засгийн газар рекламдаж өгөөд хөнгөлөлт урамшуулал үзүүлдэг байх хэрэгтэй юм шиг.
Эцэст нь жаахан улс төржөөд авъя, өдгөөгийн Ерөнхийлөгч маань хэдэн жилийн өмнө Ерөнхий сайд байхдаа Мэдээлэл Холбооны Үндэсний Зөвлөл байгууллаа, би дарга нь л гээд байсан одоо энэ Зөвлөл ажиллаж байна уу? Юу хийснээ ард түмэндээ тайлагнахгүй юм уу?
Улаанбаатар хот.
М.Одбаяр.
2005.10.11

Зайнаас Тандан Судлал

 
            Хүн төрөлхтөний бүхий л түүхийг аваад үзэхэд хоорондоо л дайтсан байдаг билээ. Дайн байлдаан хүн төрөлхтөнийг мөхлийн ирмэг дээр хэд хэдэн удаа аваачиж байсан боловч бас хүн төрөлхтөний хөгжилд үнэтэй хувь нэмэр болсон юм.
            Тухайлбал, компьютерийг нэг хэдэн зохион бүтээгч сууж байгаад хүний үйл ажиллагааг автомат удирдлгатай болгоё гээд хийчээгүй юм. Их бууны сумны балластик замналыг хурдан шуурхай бодох тооцоолуур хэрэгтэй болжээ. Дэлхийн 2-р дайны үеэр Германчууд асар том их буу хийгээд маш алсад буудах болоход, сумных нь замналыг тооцоолох буюу чухам яаж чиглүүлж буудахаа хурдан тооцоолох хэрэгтэй болсон бөгөөд үүнд бас салхиний хүч, чигээс авахуулаад олон хүчин зүйл тооцох хэрэгтэй болов.
            Мөн дайнд хэн нь дээр хөөрч чадсан нь санаачлагыг гартаа авах байдал бий болсон. Энэ нь агаарын бөмбөлөгөөс авахуулаад онгоцоор (их өндөрт хөөрч, радарт баригдахгүйгээр тагнах U2 гэдэг онгоцыг Оросууд 1960-аад оны үед унагаж байсаныг манай хууцчуул санаж байгаа байх) дамжаад хиймэл дагуул хөөргөхөд хүргэсэн билээ.

           
            
Ингээд тагнуул, дайны зориулалтайгаар эхлээд хөөрсөн дагуулууд маань хөгжсөөр янз бүрийн зориулалтайгаар одоо хийгдэж, олон төрлийн нарийн хэмжилт, судлагааны үнэлж барашгүй чухал мэдээллүүдийг нь бид дэлхийгээ судлахад зориулж ашиглах болжээ.
            Хиймэл дагуулуудыг замналаар нь ерөнхийд нь 2 ангилдаг юм. Үүнд: туйлын замналтай, нөгөөдөх нь байран замналтай гэж.
            Туйлын замнал гэдэг нь Дэлхийгээ тойрох дүгирэг орбит нь Дэлхийн хойд ба өмнөд туйлууд дээгүүр дайран өнгөрдөг. Замналын өндөр нь 700-800 км.
            Харин байран замнал гэдэг нь Дэлхийгээ тойрохдоо Дэлхийн тухайн газарзүйн нэг цэг дээр хөдөлгөөнгүй бэхлэгдсэн мэт (ө.х. Дэлхийн тэнхлэгээ эргэх өнцөг хурдтай ижил өнцөг хурдтайгаар) байхыг хэлэх бөгөөд энэ цэг нь Дэлхийн бүслүүр буюу экваторын шугам дээр байрласан байна. Замналын өндөр нь 36 000 км.
            Дагуул дээр байрлах мэдрүүрийг ерөнхийд нь бас 2 ангилна: идэвхитэй, идэвхигүй гэж.
            Идэвхитэй мэдрүүр гэдэг нь өөрөө радио долгион цацруулаад тухайн биетээс ойгоод ирсэн долгионоор дамжуулан цаад биетээ судалдаг. Биетүүд өөрийн шинж байдлаас хамаараад радио долгионыг янз бүрээр ойлгоно. Дэлхий нийтэд ийм мэдрэгчийг Радар (SAR) гэнэ.
            Идэвхигүй мэдрүүр гэж Дэлхий дээр нарны гэрэл тусаад эргэж ойж байгааг тусган авч мэдэрч, үүгээр дамжуулан тухайн биетийг судалдаг. Мөн биетүүд өөрийн шинж чанараас хамаараад гэрлийн долгионыг янз бүрээр ойлгоно. Үүн дээр нь тулгуурлаад тухайн биетийг судалдаг. Мөн бас тухайн биет гэрлийг шингээгээд гэрлийн энергийг дулааны энерги болгон эргэн цацруулдаг бөгөөд үүнийг нь цацрагийн спектр болон дулааны долгион талаас судалж, тухайн биетийн тухай мэдээллийг олж авдаг.
            Энэ сүүлийн төрлийн мэдрүүрийн мэдээнүүд, зайнаас тандах судалгаанд түгээмэл бөгөөд ихэнх хувийг эзэлдэг юм.
            Эдгээр нь ялгах чадвараараа олон янз байх бөгөөд зарим мэдээний ялгах чадвар  гэдэг нь тухайн мэдээний нэг цэг хэр хэмжээний газар нутгийг төлөөлж байгааг хэлнэ (нэг цэг хааш хаашаагаа 5км (FY2C)–ээс авахуулаад 60см (Quickbird) хүртэл байдаг. Энэ бидэнд мэдэгдэж байгаа нь, харин мэдэгдэхгүй нууц, тагнуулын ямар чадвартай дагуул байгааг бид мэдэхгүй).

БНХАУ-ын FY2C хиймэл дагуулын мэдээ – ялгах чадвар 5 км.




АНУ-ын NOAA цувралын хиймэл дагуулын мэдээ – ялгах чадвар нь 1 км.





MODIS –ийн мэдээ – ялгах чадвар нь 250 м.






  
Quickburd – ийн мэдээ – ялгах чадвар нь 60 см.



            Ийнхүү олон төрлийн хиймэл дагуулууд байдгаас өнөөдөр Монгол улсад өдөр бүр тогтмол хүлээж авдаг буюу манай улсад хүлээн авах станцыг нь суурилуулсан 3 төрлийн хиймэл дагуулууд байна.
            БНХАУ-ын цаг уурын ажиглалтын зориулалтай, байран хиймэл дагуул FY2C байна. Мэдээ нь цаг бүр орж ирдэгээрээ давуу талтай.
            АНУ-ын бас цаг уурын зориулалттай NOAA цувралын (15,17,18) хиймэл дагуулууд байна. Хоногт 7-8 удаа Монгол улсын нутаг дээгүүр өнгөрөх бөгөөд энэ үер мэдээг нь хүлээн авдаг. Ялгах чадвар нь 1 км.
            Мөн АНУ-ын MODIS (Terra/Aqua) хиймэл дагуулууд байна. Хоногт 7-8 Монгол улсын нутаг дээгүүр өнгөрөх бөгөөд энэ үер мэдээг нь хүлээн авдаг. Ялгах чадвар нь 250 м.
            Эдгээр бүх хүлээн авах станцууд ЦУОШГ-ын Мэдээлэл Тооцооллын Төв дээр суурилагдсан байна.
            Дээрх дагуулуудын мэдээг нь ер нь Монгол улсад яаж ашигладаг юм бэ гэсэн асуудал үүсэх нь гарцаагүй.
            Өвлийн хугацаанд MODIS 250м  мэдээгээр цасан бүрхүүлийн зураглал 10 хоног тутамд хийж тус төвийн веб хуудсанд байрлуулж байгаа бөгөөд хэрэгтэй үед нь, жишээлбэл ОБЕГ-т, түүгээр дамжуулан Монгол улсын засгийн газарт үйлчилж байна.
            Хавар, намрын улиралд голчлон ой хээрийн түймрийг илрүүлэн, хянах ажил хийх бөгөөд жилийн эцэс болон хагас жилээр ой хээрийн түймэрт өртсөн талбайн хэмжээг, хиймэл дагуулын мэдээн дээрээс тооцоолон гаргаж, ОБЕГ, БОАЖ яам зэрэг бусад байгууллагуудад үйлчилдэг бөгөөд эдгээрээр дамжин Засгийн Газарт үйлчилж байгаа юм.
            Ой хээрийн түймрийн мэдээг тус төвийн веб хуудсанд хурдан шуурхай байрлуулан, тухайн түймэртэй аймгуудад дамжуулан бас өөрийн улсын иргэд, байгууллагуудад, улмаар олон улсын сонирхож байгаа иргэд, байгууллагуудад үйлчилдэг билээ.
            Дээрх шуурхай мэдээллүүдийг боловсруулан бий болгохоос гадна, ургамалын төлөв байдал, үүнээс дамжуулаад бэлчээрийн байдал, ган, цөлжилтийн зэрэг бүтээгдэхүүнүүдийг боловсруулдаг бөгөөд шинээр шороон шуурганы бүтээгдэхүүн гаргадаг болохоор ажиллацгааж байна.
            Манайх шиг өргөн уудам нутагтай, хүн ам сийрэг оршин суудаг улсад хиймэл дагуулын мэдээг ашиглах нь эдийн засгийн болон шинжлэн судлах талаасаа ч асар их үр дүнтэй юм.

Thursday, September 30, 2010

Монгол улс - Сансрын хөгжил

Монгол улсын Сансрын хөгжлийн ирээдүй

Оршил
           
            1957 оны 10-р сарын 4-нд - Дэлхийн анхны хиймэл дагуул сансарт хөөрлөө. 1961 оны 4-р сарын 12 – Хүн анх сансарт нислээ, Ю.А.Гагарин.
1981 оны 3-р сарын 22 – Монгол хүн сансарт нислээ, Ж.Гүррагчаа. Энэ нислэгийн хүрээнд олон арван эрдэм шинжилгээний ажил хийгдэж, туршигдсан учир бид сансрын шинжлэх ухааны туршлага, мэдлэг тухайн үедээ олж авч байсан билээ. Эдгээр сансрын шинжлэх ухааны мэдлэг олж авцгаасан хүмүүс одоо хүртэл амьд юм. Эдгээр хүмүүсийн мэдлэг чадварт тулгуурлан, тэднийг ашиглан бид залуу үедээ энэ мэдлэг, мэргэшил, чадварыг өвлүүлэн үлдээх ажлыг зохион байгуулах хэрэгтэй.
            Эдгээр боловсон хүчин дээр тулгуурлан бид Монгол улсын Сансрын хөгжлийн хөтөлбөртэй болох ёстой.

Сансрын уудмыг эзэмших нь
            Сансрын уудмыг эзэмших асуудал аль ч улс орныг тойрохгүй, бүх улс орны өмнө тулгарах асуудал. Ялангуяа, сүүлийн үеийн хөгжлийн эрчим, үе шат үүнийг шаардаж байгаа юм. Бидний сайн мэдэх интернэт, мэдээллийн технологиос эхлээд л сансрын хөгжлийг зайлшгүй шаардлагатай, амин чухал болгож байгаа бөгөөд нөхцөл байдал шаардаж байна. Нөгөө талаас эх дэлхий, эх орноо сансрын уудмаас судлах нь асар их эдийн засгийн ашиг тус өгдөг юм. Жишээ нь, нэгд, холбоо, мэдээлэл, интенэт талдаа бид асар их мөнгийг холбооны хиймэл дагуулын сувгийн түрээсэнд алдаж байна. Хоёрт, кадастрын зураглал хийхэд л, нарийн ялгах чадвартай хиймэл дагуулын мэдээтэй бол асар их хүч, хөдөлмөр, цаг зав, мөнгө санхүүг хэмнэх юм.
            Сансрын хөгжлийн техник, технологийг Монгол улсад оруулж ирсэнээр техник, технологийн үсрэнгүй хөгжил бий болдог бөгөөд үүнийгээ дагаад улсын болон хувийн хэвшлийн үйлдвэр, аж ахуй, үйлчилгээний байгууллагууд асар хурдан хөгжиж ирдэгийг АНУ-ын Сансрын хөгжил харуулж байна.

            Монгол улсын хувьд сансрын уудмыг эзэмших хоёр чиглэл байна:
1.      Холбооны хиймэл дагуулын чиглэл
2.      Дэлхийгээ судлах хиймэл дагуулын чиглэл

  1. Холбооны хиймэл дагуул – орчин үеийн хөгжлийн төвшин үүнийг шууд амьдралд хэрэгжүүлэхийг шаардаж байгаа. Зөвхөн эдийн засаг талаасаа л харахад, түрүүн дээр цухас дурдсан,  маш их хөрөнгө, мөнгийг бид холбооны хиймэл дагуулын түрээсэнд алдаж байгаа. Бид холбооны хиймэл дагуул хөөргөж, мэдээж хэрэг аль нэг хөгжилтэй оронтой хамтран, чадвал, интернэт, холбоо, телевизээс авахуулаад маш салбарын ашиглалт хямд тусаж, нийт ард бүгдээрээ ашиг шимийг нь хүртэх юм.
  2. Дэлхийгээ судлах хиймэл дагуул – хэрэв бид орчин үеийн өндөр ялгах чадвар бүхий ийм хиймэл дагуулыг, аль нэг хөгжилтэй улстай хамтран хөөргөж чадвал эдийн засгийн маш их ач холбогдолтой бөгөөд түүнийг дагасан асар их дам үр ашигийг авчирах нь дамжиггүй юм. Газрын зураглалаас авахуулаад, байгалийн нөөц (ой модоо яс тас тодорхойлчихно, тариа тарьсан газраа бүрэн дүүрэн тоолчихно г.м.) гээд цаашилбал батлан хамгаалахад гээд шууд ашиглах салбарууд байна. Дам замаар улс орны хөгжилд асар их түлхэц өгөх салбар билээ.
 2010 оны 4 дүгээр сар 19
Radisson Lexington hotel
Powered by Best Free Counters